Миний ертөнц

Буган хөшөө

16:23 , 2009-10-30 .. Бичигдсэн: Түүх .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Монголын буган чулуун хөшөөн дэх зарим дүрслэлийн утгын тухай

И-мэйл Хэвлэх
Монголын Үндэсний Музейн судалгааны албаны дарга Ж.Баярсайхан ийм нэртэй илтгэл уншиж сонирхуулав. Буган чулуу гэж юу юм бэ гэдгийг олон сайхан гэрэл зургаар гарган илэрхийлснээр түүний лекц эхэлсэн юм. Гурван төрлийн буган чулуу байдаг юм байна.
Буган чулуун хөшөө гэж тусгайлан засаж янзалсан дөрвөн талт гонзгой чулууг гурав зааглан ихэвчлэн эсрэг харсан хоёр талын орой хэсэгт  нэг юмуу хоёр том дугуй,  эсвэл том, жижиг хоёр дугуй дүрс сийлж, түүний доогуур олон жижиг хонхор гарган зааглаад  доош нь бүс хүртэлх голын зайд сүрэг бугыг уран гоёор дүрслэхээс  гадна цөөн тохиолдолд  адуу, гахай, ирвэс, янгир, хүн, загас зэрэг амьтдыг бугатай хамт болон дангаар нь дүрсэлж, бүснээс олон төрлийн зэр зэвсэг зүүж, ойр орчимд нь нум сум, “тагнай хээтэй таван талт дүрс” зэргийг сийлсэн  байдаг.  Мөн огт амьтны дүрслэлгүй зөвхөн бүс , зэр зэвсэг дүрсэлсэн хөшөө ч бий. Энэхүү дүрслэлийн ялгаанд нь түшиглэн Оросын судлаач Волков буган чулуун хөшөөг
1.    Монгол-Өвөр Байгалийн загварт бугын дүрст хөшөө
2.    Саян-Алтайн амьтны бодит дүрслэлт буган хөшөө
3.    Ази-Европын амьтны дүрслэлгүй хөшөө хэмээн гурван үндсэн хэсэгт ангилсан юм.

Буган чулууг бүр эр бэлгэ гэж үзсэн судлаач байдаг юм байна
Судлаачид буган чулууны гарал үүслийг янз янзар тайлбарлажээ. Зарим нь Скифээс, зарим нь Сак омгийнхноос үүсэлтэй гэсэн бол манай Монгол улсын судлаачид Монголоос үүсэлтэй хэмээн үздэг гэнэ. Харин юуг бэлгэдсэн, ямар учиртай дурсгал вэ гэдэг дээр маш олон өөр санал байдаг ажээ. Баярсайханы авсан жишээнүүдээс дурдвал:
 “Монгол улсын түүх” таван боть номын тэргүүн ботид: “Буга нь Төв Азийн нутагт өргөн тархсан, арьс, мах, эвэр зэрэг ихээхэн бүтээгдэхүүн өгдөг, хүнд ямар нэгэн хор хөнөөлгүй амьтан учраас түүнийг эрт цагаас эрхэмлэн шүтэх болсон...”
С.Дулам гуай:  “Эртний хүмүүс тухайн овгийнхоо шүтэж ирсэн тотемоос өөрсдийгөө үүсэлтэй хэмээн үздэг байсан тул бугын чулуун хөшөө нь түүнийг бүтээгчдийн сүлд буюу тэдгээр хүмүүс эрт цагт өөрсдийгөө бугаас гарсан гэж үзэж байсантай холбоотой...”
АНУ-ын судлаач William Fitzhugh: Ази Европын эртний зарим нэгэн  овог аймгуудын дотор байсан бие болон нүүрэн дээрээ зурж дүрсэлдэг зан үйл болон Пазырикын шивээст хүний материалд түшиглэн шивээс, биений зураг байж болох талаар тайлбарлаад бүхэлдээ буган чулуун хөшөө бол хүнийг төлөөлүүлсэн дурсгал  хэмээн үзсэн байна.
Орос судлаач Ольховский:  Буган чулуун хөшөө нь үржлийн бэлгэдлийг агуулсан эр хүний бэлэг эрхтэнийг шүтэхтэй холбогдсон дурсгал хэмээн үзэж үүнийгээ хожмын Алтайчуудын үйлддэг зарим зан үйлээр тайлбарласан байдаг.

Судлаачийн өөрийнх нь тайлбар юу байв?
Ж.Баярсайхан буган чулууг олон жил судалсан хүний хувьд юуны өмнө Бөөгийн мөргөлтэй холбон үзэх нь зүйтэй гэсэн саналтай байлаа. Энэ тухайгаа тэрбээр нарийн тайлбарлан өгүүлсэн нь:

Бөөгийн шашинд буга шүтлэгтэй холбоотой маш олон зан үйл уламжлагдан иржээ. Бөөгийн ёсонд бугын арьсаар хэнгэргээ хийж, түүн дээр ихэнхдээ буга дүрсэлдэг бөгөөд буга нь их онгодын унаа болдог ба учир нь буга, согоог зөөлөн явдалтай унасан эзнээ ядраадаггүй, зорьсон газарт нь хүргэж чаддаг амьтан гэж үздэг . Цаатан, Тож бөөгийн ёсонд бөөгийн онгон нь хөлгөө унаж, тэнгэрт халин дүүлэн нисэж, учрах онгондоо уулздаг гэнэ . Зүүний (Өвөрбайгаль, Амар орчмын) бөө нар ч буга унаж дээд ертөнцөд очдог гэж үздэг ажээ . Алтайчуудын бөө нарын оюуны төлөөлөгчидийн дунд буга марал чухал байр суурь эзэлнэ . Бүх Сибирийн ард түмнүүдэд тэнгэрийн хандгайн (бугын) тухай домог янз бүрийн хувилбартай байдаг . Ийнхүү Төв Ази Сибирийн бөө нарт бугыг эрхэмлэн үзэх болсон нь эртний уг сурвалжтай юм. Бөө нарын дунд эртнээс нааш үйлдэж ирсэн зан үйл болох бөөгийн гол хэрэгсэл болох онгодын унаа хэнгэрэгийг бугын арьсаар хийж  түүнийг амилуулах зан үйлийн дуудлагад:

... Амьдрал жаргал замыг минь жолоодон
    Залуу шинэ аян зоргол (буга) минь боллоо... гэхчлэн дуудаж тодорхой зан үйл хийсний дараа дээлээ тайлан өмсгөлөө өмсч бөөлж эхэлнэ. Ингэхэд согоо буюу хөлөг нь амилж буй мэтээр  дараахь үгийг хэлдэг.  Энэхүү тамлагын үгэнд “Ижил сүргээсээ салсан, баатар хүний хэрэг бүтээхээр дүрс хувилсан,”, ”Хувь ихтэй баатарын хүчээр агаарт дэгдсэн”   ер бусын, бодит бус бугын тухай санаа олонтаа тохиолдоно.

Ийнхүү монголын бөө мөргөл дэх буга, буган чулуун хөшөөн дэх буга хоёрыг ямар нэг хэмжээгээр холбож үзэх сэжүүр илэрч байна.

Бас нэг шинэ санаа буюу “таван талт тагнай хээ”
Буган чулуунд байнга тохиолддог таван талтай тагнай хээг ихэнх судлаачид “бамбай” хэмээн үзсээр ирсэн юм байна. Харин Баярсайхан энэхүү хээг бөө мөргөлтэй холбон судалснаар маш сонин үр дүнд хүрчээ. Тэрбээр буган чулуун дээрх яг тийм тагнай хээтэй адил дүрсийг бөөгийн хэнгэрэг, онго дээрээс олжээ. Зургаа үзүүлж байгаад ойлгомжтой ярьсныг нь товчлон өгүүлбэл:

Бөөгийн шашинд аливаа адгуусан амьтан хийгээд хүний биеийг “гол нуруу, дөрвөн цул, 10 заадас, 80 судас...” аар холбогдож бүтсэн гэж үздэг бөгөөд энэхүү дөрвөн зүйлээ төлөөлүүлсэн зүйлсийг бөөгийн хэнгэрэгэнд оруулж хийсэн байдаг.  Энэ ёсны дагуу хэнгэрэгний бариулан дээр онгодын унаа болгож буй амьтны нуруу хавирганы ясыг төлөөлүүлэн тагнай хээг сийлж,  зурж дүрсэлдэг байсан уламжлал байна. Хэнгэрэгнийхээ дотоод эрхтэнд тагнай хээ дүрсэлдэг явдал зөвхөн зарим нэг жижиг ястны бөө нарын дунд байсангүй нилээд түгээмэл тархсан нь бидэнд ажиглагдаж байна. Бөө нарын дунд эртнээс нааш уламжилж ирсэн нэгэн зан үйл бол нас барсан бөөгийн хэнгэргийг тоонолжлон зүсэж, жинхэнэ хэнгэрэг биш хэнгэргийн сүнс болгон хувиргаж, хамт оршуулж, лусаас салгах үйл хийдэг байсан  явдал юм. Тиймээс буган чулуун хөшөөн дэх “таван өнцөгт дүрс” нь бамбай ч бус, цээжний араг яс ч бус, амьтны биеийг ерөнхийлөн нэгтгэж төлөөлдөг нурууны  дүрслэл  байж болох юм гэсэн санал дэвшүүлж байна.  Өөрөөр хэлбэл талийгаачийн  хойд нас, сүнс сүлдтэй холбоотой зан үйлийн шинжтэй дүрслэл хэмээн үзэж болмоор санагдана.

Буган чулууны зэр зэвсэг, бүс
Ж. Баярсайхан дараа нь буган чулууны зэр зэвсгийн тухай дэлгэрэнгүй ярилаа. Үүнийг тэрбээр эртний нүүдэлчдийн оршуулах ёс, зэр зэвсгийг нв дагалдуулан оршуулдаг ёс болон монголчуудын бүсийг дээдэлдэг ёс, Монголын Нууц Товчоон дахь бүсний хүндэтгэл зэрэгтэй холбон тайлбарласан юм. Мөн буган чулуунд заримдаа гахайн дүрс байдгийг үзүүлэн үүний учрыг бугаар тэнгэрийг бэлгэддэг бол доохон талд дүрсэлсэн гахайгаар газрыг бэлгэдэж байна хэмээн тайлсан юм. 

Түүний ярианаас сонсож байхад олон жилийн тэртээ хоёр өөр соёл өнөөгийн Монгол нутагт хоёр талаас ирж уулзсан гэдэг нь тодорхой болж байлаа. Нэг талаас хиргисүүр, буган чулуу хийдэг соёл, нөгөө талаас дөрвөлжин булш үйлддэг соёл. Хиргисүүр, буган чулуу хоёр бол холбоотой, байнга хамт тохиолддог юм байна. Харин дөрвөлжин булш үйлддэг нүүдэлчид бол буган чулуу огт хийгээгүй ажээ. Тийм ч учраас Монгол нутаг дахь буган чулуудын он дараалал яг Хүннүг хүрээд бүрмөсөн зогссон аж. Энэ бүхнээс, бас тархалтаас нь харахад буган чулуу Монголоос баруун руу биш, баруунаас Монгол руу орж ирсэн соёл ч байж болох талтай юм.

Сэтгэгдэл үлдээх

16:10 , 2010-03-24 .. Бичсэн: Зочин
наадах чинь мундаг залуу шүү

{ Сүүлийн хуудас } { 18 -р хуудас Нийт хуудасны тоо: 48 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

http://niceblog_tseegii@blogmn.net
http://P_khuvizaya
http://shureeblogmn.net
http://zaya_g
http://munkhdavaa93.gogo.mn
http://samdan_93blogmn.net
http://physic_93
olloo.mn
YouTube

Ангилалууд

Шүлэг
Түүх
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Миний хайртай шавь нар 2009
Чөлөөт цаг
Миний зурагнууд
Бичлэг

Сүүлийн бичлэгүүд

Эссе үнэлэх шалгуур
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
дуу
martin luter king
Дэлхийн 2-р дайн
Дэлхийн 2-р дайн
Яагаад их хэмжээний мөнгөний илүүдэл гардаг бэ
Сонгодоог эдийн засгийн ухаан
Дотоодын нийт бүтээгдэхүүн
Дэвид Рикардо
Монголын эзэнт гүрэн
Зүүн гарын Монгол
17-18 зууны Монгол орон

Найзууд

physic_93 geography93 Болио93




:-)
 
xaax